УТБА, Дархан

The Academy of Political Education, Darkhan

  • Үсгийн хэмжээ томруулах
  • Үндсэн үсгийн хэмжээ
  • Үсгийн хэмжээ багасгах
Home Иргэний танхим Forum ДУА-ын ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-ын ажиллах журам

ДУА-ын ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-ын ажиллах журам

И-мэйл Хэвлэх PDF

Нэг. Нийтлэг үндэслэл

Дархан-Уул аймгийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрт иргэдийн байр суурь, үзэл бодлыг тусгах, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргагчид хүргэх, олон нийтийн санаа зовоож буй асуудлаар нээлттэй хэлэлцэх зорилгоор байгуулагдсан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын (цаашид Иргэний Танхим гэх) үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Зорилго, үйл ажиллагааны зарчим

  • 2.1. Иргэний Танхимын зорилго нь тогтоол, захирамж, шийдвэрүүдийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас санал, шүүмжлэл, нэмэлт өөрчлөлтийн санаа, мэдээлэл хүлээн авах замаар орон нутгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах явдал юм.
  • 2.2. Иргэний Танхимын бүх үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.
  • 2.3. Иргэний Танхимд болох аливаа хэлэлцүүлэг нь тодорхой шийдвэр, баримт бичгийн төслийг үндэслэн, шийдвэр гаргахын өмнөх шатанд явагдана. Төсөлд өөрчлөлт оруулах, төслийг шийдвэр болгон гаргахдаа Иргэний Танхимд болсон хэлэлцүүлэгт үндэслэнэ.

Гурав. Иргэний Танхимын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт

  • 3.1. Иргэний Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нээлттэй хэлэлцүүлэг байна. Нээлттэй хэлэлцүүлэг нь оролцогч тал, асуудал оруулагч тал, болон зохион байгуулагчаас тус тус бүрдэнэ.
  • 3.2. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогч нь Дархан-Уул аймгийн иргэн, тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болон Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцуулж болно.
  • 3.3. Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгүүд байна. Асуудал оруулж буй тэргүүлэгч, ажлын хэсгийг ахалж буй албан тушаалтан нь тухайн асуудлаар явагдаж буй нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч байна.
  • 3.4. Иргэний Танхимын үйл ажиллагааг зохион байгуулагч нь ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба (Цаашид “ажлын алба” гэх) байна. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг олон нийтэд зарлах, иргэдээс санал мэдээлэл хүлээж авах, хэлэлцүүлгийг зохион байгуулах, хэвлэлээр мэдээлж сурталчлах, мэдээллийг цуглуулж эмхэтгэх, саналыг ангилж бэлтгэх, асуудал оруулагч талын тайлан мэдээлэл бэлтгэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ

Дөрөв. Иргэний Танхимд хэлэлцэх төслийг олон нийтэд зарлах

  • 4.1. Нээлттэй хэлэлцүүлгийн даргалагч нь төслийн анхны эх, түүний товч агуулга, төслийн үндэслэлийн танилцуулгыг хэвлэл мэдээллээр зарлахаас ажлын гурав хоногийн өмнө Иргэний Танхимын Ажлын албанд хүлээлгэн өгнө.
  • 4.2. Иргэний танхимд хэлэлцэх төслийн анхны эх, хэлэлцүүлэг болох он сар өдөр, байр, цаг, үргэлжлэх хугацаа, иргэдийн санал хүлээж авах хаяг, электрон шуудан, лавлагаа авах, хэлэлцүүлэгт биечлэн оролцохоор бүртгүүлэх утасны дугаар, хаягийг дурдсан албан ёсны зарыг нээлттэй хэлэлцүүлэг болохоос ажлын 10 хоногийн өмнө хэвлэл мэдээлэл, интернэтээр Ажлын алба зарлана.

Тав. Хэлэлцүүлэгт саналаа ирүүлэх

  • 5.1. Хэлэлцүүлэгт оролцогч нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлэлцүүлэг зарлагдмагц дараахь хэлбэрээр санал шүүмжлэл, байр сууриа илэрхийлж болно. Үүнд:
    • 5.1.1. “Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба” гэж хаягласан захидлаар.
    • 5.1.2. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимд ирүүлсэн факсаар
    • 5.1.3. Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын электрон шуудангаар ирүүлсэн захидлаар.
    • 5.1.4. Дархан-Уул аймгийн албан ёсны веб сайтад санал ирүүлэх хэлбэрээр.
    • 5.1.5. Иргэний Танхимд болох хэлэлцүүлэгт биечлэн ирж оролцох хэлбэрээр.
  • 5.2. Иргэний Танхимын нээлттэй хэлэлцүүлэгт өөрийн санал, байр суурийг томъёолоход хангалтгүй мэдээлэлтэй байна гэж үзвэл иргэд төсөл боловсруулагч нарт хандан асуулт тавьж, хариулт авч болно. Төсөл боловсруулагч нар асуултуудад Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр хариулт өгнө.
  • 5.3. Төсөл оруулж буй ажлын хэсэг төслийн талаар ирсэн саналыг нэгтгэж, ирсэн санал бүрийг тайлбарын хамт төсөлд хавсарган Танхимын хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Танхимын хэлэлцүүлэг эхлэхээс өмнө төсөлд өөрчлөлт орсон бол уг ажлын хэсэг өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийн эхэнд мэдээлэл хийж тайлбарлана.

Зургаа. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим ба хэлэлцүүлэгт оролцох дараалал

  • 6.1. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод урьдчилсан болзол тавихгүй байх зарчим үйлчилнэ.
  • 6.2. Иргэний танхимын Ажлын алба нь зөвхөн хэлэлцүүлэгт биечлэн оролцохыг хүсэгчдийн дарааллыг тогтоох зорилгоор хэлэлцүүлэг болохоос ажлын гурав хоногийн өмнөх өдөр ажлын найман цагийн турш Иргэний Танхимын утас, факс, электрон шуудангийн хаягаар иргэдийн нэрсийг хүлээн авч бүртгүүлсэн цагийн дарааллаар жагсаана.
  • 6.3. Ажлын алба нь бүртгэгдсэн нэрсийг нээлттэй хэлэлцүүлэг даргалагчид хэлэлцүүлэг эхлэхээс 48 цагийн өмнө танилцуулж, хэлэлцүүлэг даргалагчийн урилгаар оролцох хүмүүсийн нэрсийг хүлээн авна. Бүртгүүлсэн болон урилгаар оролцох нэрсийг жагсаалтын дагуу Иргэний танхимын веб сайтад хэлэлцүүлэг эхлэхээс нэг хоногийн өмнө байрлуулна.
  • 6.4. Нээлттэй хэлэлцүүлэг даргалагч нь оролцогчдын нэрсийн жагсаалт гарсны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж нээлттэй хэлэлцүүлэг болохоос нэг хоногийн өмнө хэвлэлээр мэдээлнэ.. Үүнд:
    • 6.4.1. Иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцохоор бүртгүүлсэн болон хэлэлцүүлэгт уригдсан хүмүүсийн нийт тоо Иргэний танхимын суудлын тооноос илүүгүй тохиолдолд нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний танхимын байранд энэхүү журмын дагуу зарласан цагт эхлүүлэх.
    • 6.4.2. Хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн иргэдээс байрны багтаамжаас хамааран дараалуулж урилга олгоно. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийг хэд хэдэн ээлжээр хийх буюу эсвэл өөр том байранд хийж болно.
  • 6.5. Ижил байр суурьтай иргэд олноороо бүртгэгдсэн тохиолдолд иргэд дундаасаа төлөөлөл сонгож хэлэлцүүлэгт оролцуулж болно.
  • 6.6. Хэлэлцүүлэгт үнэ цэнэтэй мэдээллээр хувь нэмэр оруулж чадах төрийн албан хаагчид, судлаач, шинжээч, гэрч, гадаадын болон судалгааны байгууллагын төлөөлөгчийг урилгаар оролцуулж болно.

Долоо. Хэлэлцүүлгийн бэлтгэл хангах

  • 7.1. Иргэний Танхимд болох хэлэлцүүлгийн танхимыг бэлтгэх, хэлэлцүүлгийн үеийн протокол хөтлөх, хэлэлцүүлэг даргалагчийн хүсэлтээр хэлэлцүүлгийн дэг алдуулагчийг танхимаас гаргах, хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллээр дамжуулах, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг урьж оролцуулах ажлыг Ажлын алба хариуцна.
  • 7.2. Хэлэлцүүлгийн үеэр аудио болон видео материал үзүүлж сонсгох, зураг үзүүлэн таниулах материал байрлуулах, компьютерээр материал үзүүлж танилцуулах оролцогчдын материалыг хэлэлцүүлэг эхлэхээс 1-2 цагийн өмнө Ажлын алба хүлээн авч техникийн бэлтгэл хангана.
  • 7.3. Ажлын алба нь нээлттэй хэлэлцүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хэлэлцүүлэгт сэтгүүлч, сурвалжлагч, ажиглагч нарыг нэвтрүүлэх, тэдэнд суудал, байрлал хуваарилах зэрэг бэлтгэл ажлыг нээлттэй хэлэлцүүлэх эхлэхээс өмнө хийж гүйцэтгэнэ.
  • 7.4. Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийг угтан авч, хэлэлцүүлгийн үеэр үг хэлэх дарааллыг тогтооход хэрэглэгдэх жагсаалт, бүртгэлийг хэлэлцүүлэг даргалагчийн гаргасан маягтын дагуу хийж гүйцэтгэнэ.

Найм. Хэлэлцүүлгийн дэг

  • 8.1. Хэлэлцүүлэгт оруулж буй төслийн нэр, хэлэлцүүлэг зарласан огноо, хэлэлцүүлгийн танхимын зочдын тоо, хэлэлцүүлэгт асуудал оруулж буй төсөл боловсруулагч багийг Ажлын албаны ажилтан сонсгон танилцуулж хэлэлцүүлгийг нээнэ. Хэлэлцүүлгийг даргалах хүний нэр, албан тушаал, хэлэлцүүлэгт оролцож буй бусад албаны хүмүүсийг танилцуулна.
  • 8.2. Даргалагч хэлэлцүүлгийн дэгийг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлэгт оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын нарийн төвөгтэй байдлыг харгалзан хэлэлцүүлгийн нийт хугацаа, нэг оролцогчийн үг хэлэх хугацааг тус тус тогтооно. Ингэхдээ нэг хүний үг хэлэх хугацааг 3-10 минутаар тогтоож болно.
  • 8.3. Хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж олгох ба ингэхдээ нэг хүн А-4 хэмжээний бүтэн хуудас материал уншиж танилцуулж чадахуйц хэмжээгээр цаг олгоно.
  • 8.4. Төсөл боловсруулсан багийн гишүүн оролцогчдод төслийг танилцуулна.
  • 8.5. Оролцогчдын үг хэлэх дарааллыг хэлэлцүүлэг даргалагч тогтооно. Ингэхдээ энэ журмын 7.4 дэх заалтын дагуу бүртгүүлсэн нэрсийн дарааллыг үндэслэн дараахь дэс дарааллыг давхар баримтлан индэрт урина.
    • 8.5.1. хөндлөнгийн шинжээч, эксперт, төрийн болон олон улсын байгууллагын холбогдох албаны хүмүүс үг хэлэх
    • 8.5.2. төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг дэмжсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх
    • 8.5.3. төслийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг эсэргүүцсэн байр суурьтай хүмүүс болон тэдгээрийн гэрч үг хэлэх,
    • 8.5.4. тайлбар, саналтай хүмүүс үг хэлэх.
      Хэрэв төслийг дэмжсэн, эсэргүүцсэн, төсөлд санал тайлбар хийхийг хүссэн хүний тоо тус бүр 3-аас илүү бүртгэгдсэн бол тэдгээр байр суурьтай хүмүүс ээлжлэн үг хэлнэ.
  • 8.6. Оролцогчид байр сууриа илэрхийлж дууссаны дараа асуудал оруулагч талаас шаардлагатай гэж үзвэл оролцогчдод болон урилгаар оролцож буй гэрч, шинжээч, төрийн албан хаагч, судлаач, бусад зочдод хандан асуулт тавьж болно.
  • 8.7. Асуулт хариулт дууссаны дараа хэлэлцүүлэгт оролцогчид болон асуудал оруулагчдын зүгээс санал дүгнэлт хэлнэ. Ингэхдээ нэг хүнд нэг минутын хугацаа олгоно.
  • 8.8. Хэлэлцүүлгийг даргалагч хэлэлцүүлгийг хааж үг хэлнэ.
  • 8.9. Хэлэлцүүлэгт оролцогч зочин бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, хашгирах, шүгэлдэх, хөлөө дэвслэх зэрэг бусдын үгээ чөлөөтэй хэлэхэд нь саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцүүлэг даргалагч дэг баримтлахыг шаардах бөгөөд шаардлагыг үл биелүүлбэл Иргэний Танхимын Ажлын алба оролцогчийг танхимаас гаргаж болно.

Ес. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг шийдвэрт тусгах

  • 9.1. Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийн бүх хэлбэрээр санал авч дууссаны дараа төсөл боловсруулсан багийнхан төслийн эхийг ажлын 3 хоногт багтаан эцэслэн боловсруулж ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулна.
  • 9.2. Иргэний Танхимд төслийн талаар ирүүлсэн бүх санал, тухайн санал төсөлд хэрхэн туссан, эс туссаныг тайлбарласан тайлбар бүхий хавсралттай төслийн шинэчилсэн хувилбарыг Иргэний Танхимын веб сайтад байрлуулна.
  • 9.3. Энэ журмын 9.2 дахь заалтын дагуу боловсруулсан төслийг үндэслэн ИТХ, түүний тэргүүлэгчдээс гарсан тогтоол, шийдвэрийг Иргэний Танхимын вебсайтад байрлуулна.
  • 9.4. Энэхүү журам нь хүн бүрийн саналыг ИТХ, түүний тэргүүлэгчдээс гарсан тогтоол, шийдвэрт заавал тусгах үндэслэл болохгүй. Харин шийдвэр гаргахаас өмнө иргэд байр суурь, саналаа чөлөөтэй илэрхийлж, сонсгох илүү өргөн боломж бий болгоход үйлчилнэ.

Арав. Бусад зүйл

  • 10.1. Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас Иргэний Танхимд болох хэлэлцүүлгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга хойшлуулах буюу цуцалж болно. Хойшлогдсон хэлэлцүүлгийг зохион байгуулах тухай зарыг энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн дагуу олон нийтэд мэдээлнэ.
  • 10.2. Иргэний танхимын хэлэлцүүлэг монгол хэл дээр явагдана.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 4-р сарын 06, Мягмар гариг, 06:43  
Click on the slide!

Иргэний танхимын хэлэлцүүлэг "Дархан хоггүй хот"

Иргэний танхим >> Forum

Иргэний танхимын хэлэлцүүлэг "Хатуу хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох нь"

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-аас ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 04 сарын 16-ны хурлаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байгаа "Дархан хоггүй хот"…

Дэлгэрэнгүй...
Click on the slide!

Иргэний танхим иргэнд үйлчлэх үү?

Иргэний танхим >> Forum

Иргэний танхим иргэнд үйлчлэх үү?

Иргэний танхим буюу "citizen hall" гэдэг ойлголт анх АНУ-д үүссэн нь одоо ардчилсан гэгддэг бүх оронд жишиг болоод байгаа. Мужийн…

Дэлгэрэнгүй...
Click on the slide!

Иргэний танхим байгуулах тухай тогтоол

Иргэний танхим >> News

Иргэний танхим байгуулах тухай тогтоол

Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”- ийн 20 дугаар…

Дэлгэрэнгүй...
Click on the slide!

УТБА-ын санаачлагаар ДУА-ийн ИТХ-ын дэргэд Иргэний танхим байгуулагдлаа

Иргэний танхим >> News

УТБА-ын санаачлагаар ДУА-ын ИТХ-ын дэргэд Иргэний танхим байгуулагдлаа

Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбараас Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд Орон нутгийн…

Дэлгэрэнгүй...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
Монгол оронд сонгуулийн аль систем тохирох вэ?
 

Манай хаяг

Улс төрийн Боловсролын Академийн Дархан-Уул аймаг дахь салбар
Дархан-Уул аймгийн  Дархан сум 7 дугаар баг Монгол Алт  компаний байр 209 тоот
Утас: 01372-34799
Эрхлэгч: Л.Анар-Эрдэнэ
99031699 anar@academy.org.mn

Багш: У.Болортуяа 99981807 anna_bna@yahoo.com

Шуурхай мэдээ

A batch of students from Darkhan-Uul province has graduated from the Public Administration Course on February 14, 2007, followed by the graduation of the students from Selenge province on February 15, 2007.